• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ДЭЭД БОЛОВСРОЛ” багш нарын улсын II зөвлөгөөн дээр танилцуулсан илтгэлийг хүргүүлж байна

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Монгол улсын тогтвортой хөгжилд хувийн их, дээд сургуулиудын

үүрэг, тулгамдаж буй асуудлууд

 

Эрхэм хүндэт зочидоо!

Эрхэм хүндэт УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 

Тус зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцож буй Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчидээ!

 

Юуны өмнө Та бүхэндээ Монголын багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөний  мэндийг дэвшүүлье!

 

Хураангуй.

1992 онд Үндсэн хуульд “Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулж болно” хэмээн МУ-ын их хурлаар батлаж, хувийн хэвшлийн боловсрол сургалтын байгууллагууд бий болох эрх зүйн орчныг баталгаажуулж өгсөн юм. Энэхүү харилцаа нь нэг талаасаа ардчилал, зах зээлийн нийгмийн эрэлт, хэрэгцээг хангах, шударга өрсөлдөөнийг бий болгох, нөгөө талаасаа иргэн бүрт сонгох, сонгогдох, хэвлэн нийтлэх, өмчлөх, сурч боловсрох эрх чөлөөг нээж өгсөн юм.

Энэ л цаг үед хувийн их, дээд сургуулиуд байгуулагдан оюутан залуучуудад дээд боловсрол эзэмших эрхийн баталгааг өгч, тэдгээрийг сургууль, хамт олны дунд нийгэмшүүлэхэд түүхэн гавъяатай үүрэг гүйцэтгэсэн билээ. Хувийн их, дээд сургуулиуд төрийн нуруун дээрх ачааг үүрэлцэж иргэдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх үүргийг хуулийн дагуу биелүүлэн хөгжлийн явцад бий болсон туршлага, сургамжаа дүгнэн бэрхшээл сорилтыг даван туулах, цаашдын тулгамдсан асуудлуудыг шийдэх гарцыг эрэлхийлэн ажиллаж байна.

 

Хувийн их, дээд сургуулиудын үүсэл хөгжил, туршлага, сургамж.

Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих эхний үеэс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед төлөвшсөн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарууд задран эдийн засгийн хямралд орж, дийлэнх үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд гаргах, өөрөө өөрийгөө тэтгэх чадваргүй болсны улмаас олон хүн ажлын байргүй болж, ажилгүйдэл ядуурал бодит зүйл болон хувирч байв.

1990-д оноос үйлдвэрлэлийн болон бусад салбарууд үндсэндээ хувьчлагдаж, олон арван хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бий болж эдийн засагт үйлчлэх өмчийн шинэ хэлбэрүүд үүсч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд бие даан амьдарч ажиллах шинэ хандлага бий болсон. Нийгмийн хэрэгцээг хангаж, шинэ орчинд өрсөлдөхийн тулд техник тоног төхөөрөмжөө шинэчлэх, шинэ технологи эзэмших, аж ахуйг хөтлөх арга барилд суралцах хэрэгцээ шаардлага зүй ёсоор гарч ирсэн хөгжлийн энэ үед тухайлбал 1992 оны Үндсэн хуульд “Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулж болно” хэмээн зааж, хувийн хэвшлийн сургууль бий болох эрх зүйн орчныг баталгаажуулж өгсөн юм.

Монгол улсын шинэ үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу хувийн сургууль байгуулах үйл явц эхэлж улмаар 1994 онд 39 орчимд хүрсэн бөгөөд эдгээр сургуулиуд анх нэгдэж 1994 оны 4-р сард Монголын хувийн их, дээд сургуулиудын холбоог байгуулж, 24 жилийн түүхэн хугацаанд зөвхөн эрх ашигаа хамгаалах төдийгүй, хувийн их, дээд сургуулиудыг нэгтгэж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нөлөө бүхий байгууллага болон өргөжсөн.

 Хувийн сургуулиуд өөрийн үйл ажиллагааны орлогоороо санхүүждэг бөгөөд хууль, тогтоомжид заасны дагуу татвар, хураамжийг төлж төсөвт үлэмж хэмжээний орлогыг төвлөрүүлсэн байдаг.

2002 онд МУ-ын их, дээд сургууль, коллежийн тоо оргил үедээ буюу 185, үүнээс хувийн сургууль 136 байсныг статистик тоон мэдээллээс харж болно. Улсын бодлогоор улсын сургуулиудыг нэгтгэх үйл ажиллагаа болон зах зээлийн өрсөлдөөн, хөгжлийн шаардлага, сургалтын байгууллагын шалгуур, шаардлагын дагуу их дээд сургуулиудын тоо цөөрч байна.

Улсын хэмжээнд статистик мэдээллээр дээд боловсролын сургалтын байгууллагын тоо 2007 оны байдлаар 170 үүнээс төрийн бус өмчийн 116, үүнд нийт суралцагчдын 34% байсан бол 10 жилийн дараа буюу 2017 онд 95 сургууль, үүнээс төрийн бус өмчийн 74, сургуульд нийт суралцагчдын 41,4% нь суралцаж байна.

Дээрх статистик тоо баримтаас харахад өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа нийт 96 сургалтын байгууллагын 75 буюу 78% нь төрийн бус өмчийн сургалтын байгууллага байгаагаас боловсролын үйлчилгээг үзүүлэхэд үүрэг оролцоо, цар хүрээ нэмэгдсэн байгааг харж болно. 

 

 

2017-2018 оны хичээлийн жилийн статистик мэдээллээс харахад боловсрол сургалтын байгууллагын 12705 багш, ажилчдын 4453 (35%) нь хувийн их, дээд сургуульд ажиллаж байна. Эндээс дөрвөн мянга гаруй багш ажилчдыг ажлын байраар хангаж, 65628 суралцагчдыг соён гэгээрүүлж, хэдэн мянган төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна гэх дүгнэлтийг хийж, тоог голчлох бус чанарыг эрхэмлэн ажиллаж байгаа гэдгийг тэмдэглэхийг хүсч байна.

 

Дүгнэлт. Хөгжлийн тухай олон улсын хэмжээний яриа хэлэлцүүлэгт боловсролыг хүний эрх, мөн нийгмийн баялаг гэж тодорхойлдог. Хэрвээ боловсрол нийгмийн баялаг юм бол бид хэдийн өрсөлдөөнийг бий болгож, боловсролын шинэчлэлийн давалгааг түүчээлсэн гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Хувийн их, дээд сургуулиуд үүсгэн байгуулагдсан цагаас хойш хэдийн 26 жилийн туршлага, сургамж, ололт, амжилт, баялгийг бүтээн Монгол улсын үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг бодлого зорилго, зорилтыг боловсруулах болон хэрэгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж боловсролын салбарын ачааг үүрэлцсээр ирсэн.

Хувийн их, дээд сургуулиуд нь монголын дээд боловсролыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, боловсролын шударга өрсөлдөөнийг бий болгох, тус салбарын мянга мянган багш, ажилчдыг ажлын байраар хангах,  олон мянган залуусыг дээд боловсрол, мэргэжилтэй, ажил, амьдралд бэлэн байхаар төлөвшүүлж, тэднийг ажилгүйдэл, ядуурлаас ангижруулахад чухал хувь нэмэр оруулсан.

Энэ мэт ололт амжилтын хажуугаар зах зээлийн зарчмаар сорилт бэрхшээлд сөгдөж хаалгаа барьсан сургуулиуд ч олон байгаа.

Бид үйл ажиллагаандаа дүгнэлт хийж боломжит туршлага, сургамж байгааг харж давуу болон сул талаа дараах байдлаар тодорхойлж байна.

Давуу талаа тодорхойлбол:

 

-Оюутны тоо цөөн учир, багш оюутан бүртэй ажиллах боломжтой, цөөн чанартай боловсон хүчинг бэлтгэх боломжтой.

-Боловсролын үйлчилгээ үзүүлэгч, үйлчлүүлэгч нарын харилцаа эерэг, уян хатан, ойр, байдаг.

-Зарим хувийн их, дээд сургуулиуд гадаад болон дотоодод байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэний үр дүнд үйл ажиллагаа, сургалтын чанар сайжирсан.

-Хувийн их, дээд сургуулиудад бүрэлдэн бий болсон сайн засаглал, менежментийн зохистой арга туршлага, сургамжийг төрийн их, дээд сургуулиудын өнөөгийн үйл ажиллагааг боловсронгуй болгоход хэрэглэх боломжтой. Ялангуяа хувийн хэвшлийн сургалтын байгууллагаас сахилга, хариуцлагын тогтолцоо, үр дүнгийн тогтолцоог сургуулийнхаа онцлогт тохируулан хэрэглэх нь үр дүнтэй байж болох юм.

Сул тал тодорхойлбол:

-Төрөөс өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шалгуур, шаардлага хангасан сургуулиудад дэмжлэг, боломжийг тэгш хүртээх. Тухайлбал төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, дэмжлэг үзүүлэх, багш, судлаачдыг ахисан түвшинд сургах, бэлтгэх гэх мэт;

 

Хөгжлийн цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудаа тойлон дурдвал:

Дэлхийн улс орнуудын боловсролын салбарт гарч буй томоохон өөрчлөлтийн гол шалтгаан нь орчин үеийн техник технологийн асар хурдацтай шинэчлэл, глобалчлал, мэдлэгийн зуунд шилжих үйл явц юм.  Дэлхийд үйл ажиллагаа, чанараараа эрэмблэгдсэн сургуулиудын жагсаалтаас харахад хувийн их, дээд сургуулиуд тэргүүлж байна.

 

Дэлхийн хэмжээнд сэтгэх, дээд боловсролын хөгжлийн чиг хандлагыг мэдэрч олон улсын сайн туршлагыг судлах, дээд боловсролыг нээлттэй, уян хатан, хүртээмжтэй болгох олон ажлуудыг хийх хэрэгцээ бидний өмнө тулгарч байна.

Монгол улсад дээд боловсролын тогтолцоог олон талаас нь шинэчлэх ажил ойрын жилүүдэд эрчимтэй хийгдэж байгаагаас сургалтын хөтөлбөрийн нэр, индексийг ЮНЕСКО-ийн ангилалын дагуу хөрвүүлэх, үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэх, багш бэлтгэх, магадлан итгэмжлэл, чанарын баталгаажууллыг нэвтрүүлэхэд шаардлагатай судалгаануудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь тун сайшаалтай. Дээд боловсролын салбарт 2012 оноос хойш хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг болох Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээл 20 сая ам доллар, МУ-ын засгийн газрын 2,22 сая ам доллараар санхүүжиж байгаа “Дээд боловсролын шинэчлэл төсөл” юм. Тус төслийн үйл ажиллагаа 8 чиглэлд хэрэгжиж байгаа бөгөөд үр өгөөжийг тоон болон чанарын үзүүлэлтээр тоочоод барахгүй.

Гэвч энэ төсөлд хувийн их, дээд сургуулийн оролцоо хангалтгүй байна. Цаашид илүү олон их, дээд сургууль уг төсөлд хамрагдана гэж найдаж байна. Ийм хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чадавхтай сургууль ч цөөнгүй бий боллоо.

 

 Бид төрийн дэмжлэг, төсөл хөтөлбөрийг харж зүгээр суусангүй. 

Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг ханган биелүүлэхэд ахиц гарч 2017.09 сарын байдлаар улсын хэмжээнд 70 магадлан итгэмжлэгдсэн ИДС  байгаагаас хувийн сургуулиас 56 нь байгууллагын магадлан итгэмжлэгдсэн, 18 сургуулийн 42 хөтөлбөр магадлагдсан, Мандах бүртгэлийн их сургууль гэхэд чанарын удирдлагын ISO9001:2015 стандартыг нэвтрүүлсэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл /БМИҮЗ/, ХБНГУ-ын ASIIN байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн "Ижилсэх түншлэл" хөтөлбөрийн хүрээнд хамтран хийсэн  магадлан итгэмжлэлд Шихихутуг их сургууль хамрагдсан , АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл АйСиБиЭсПи(ACBSP)-ээр магадлан итгэмжлэгдсэн  10 сургууль, хүсэлтээ гаргасан 8 сургууль байгаа нь чанараа баталгаажуулж, чанарыг сайжруулах соёл төлөвшүүлж олон улс, үндэсний хэмжээнд өрсөлдөх чадварыг бий болгож байгааг онцлон тэмдэглэж байна.

 

Дэлхийд, ажил, амьдралд бэлэн, өрсөлдөх чадвартай монгол иргэнийг төлөвшүүлэх үр дүнд суурилсан боловсролын тогтолцоо шинжлэх ухааны салбар чиглэлээс хамаарч өөр өөр зарчмаар хэрэгжиж байна. Тухайлбал инженер, технологийн чиглэлийн хувийн дээд боловсролын байгууллагууд үр дүнд суурилсан сургалтын төлөвлөлтийг өргөн хүрээнд ашиглаж, шинэ үеийн инженерүүдийг бэлтгэх CDIO (Conceive-Design-Implement-Operate) буюу Бодож сэтгэх-Төлөвлөж загварчлах-Туршин хэрэгжүүлэх-Ажиллуулан ашиглах үзэл санаанд суурилсан сургалтын тогтолцоог Техник Технологийн дээд сургууль нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна..

Энэхүү CDIO дэлхийн хэмжээний санаачлага, стандартыг нэвтрүүлснээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадамжтай, өрсөлдөх хөрвөх, харилцааны ур чадвартай инженер, техникийн ажилтнууд бэлтгэгдэхээс гадна өөрийн сургуулийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн өөрчилж болох сургалтын нээлттэй, уян хатан, шинэ загвартай болж байна. Энэ мэт сайн жишээг дагаад багш мэргэжлийн өндөр, бүтээмжит чадамжуудыг эзэмшүүлэх, сэдэл бий болгох зэргээр багшийг тасралтгүй хөгжүүлэх механизм бүрдүүлэн ажиллаж байна.

Хэдийгээр бидэнд санхүүгийн бэрхшээл тохиолдож байсан боловч олон зуун хичээлийн байр, спортын зал, дотуур байр, соёлын төвүүд, номын сан, лаборатори, дадлагын газруудыг өөрсдийн хүч хөрөнгөөр бүтээн байгуулж, монголын боловсролын салбарт оюуны болон бүтээн байгуулалтын томоохон хөрөнгө оруулалт хийснийг хэн ч үгүйсгэхгүй. Дээрх сайн жишээнүүдээс гадна цаашид тулгамдаж буй олон асуудал байна.

 

Элсэлтийн хяналтын тоо, сургалтын төлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлан, тухайн сургалтын байгууллагын чадамжид тохируулан тогтоох асуудалд

-Дээд боловсролын тухай хуулийн 7.2 дах заалтыг зарим сургалтын байгууллагууд урвуулан ашиглаж сургалтыг чанаргүй явуулж байгааг мөн сүүлийн 2 жилийн элсэлтийн үйл ажиллагаа замбараагүй болсныг харгалзан элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох стандартад нийцүүлэн элсэлтээ авч байх зохистой хөшүүргийг бий болгох шаардлагатай.(төрийн чансаатай их сургуулиудын босго оноог өндөр тогтоох). Төрийн томоохон их сургуулиууд маань судалгааны их сургууль болох, азийн 100 шилдэг сургуулийн нэг болох зорилготой мөртлөө шалгуураа бууруулж элсэгчдийн тооны хойноос хөөцөлдөөд байх нь зарчимгүй, шудрага өрсөлдөөнийг үгүйсгэж байгаа хэрэг юм. Төр нь их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг доод хэмжээнд барьж чанарын дээд хэмжээг үзүүлэх ёстой гэж шахаж байгаа нь тооны хойноос хөөцөлдөх энэ байдалд нөлөөлж байгааг анхаарах нь зүйтэй.

Төрөөс зорилтот их сургуулиудаа бодлогын хэмжээнд авч үзэн судалгааны их сургууль бий болгох асуудлыг бид хүчтэй дэмжиж байгаагааг үүгээр илэрхийлж байна.

 

Боловсролын байгууллагын шалгуур, шаардлагын хэрэгжилт

-Дээд боловсролын тухай хуулийн шинэчлэлтээр байгууллагын магадлан итгэмжлэлийг заавал хийлгэхээр тусгагдсан, үүний адил олон улс, дотоод магадлан итгэмжлэгдсэн байгууллагын багш, суралцагчдын нийгмийн баталгааг хангах, багш нарыг төр, хувийн гэж ялгалгүй сургалт, эрдэм шинжилгээний зардлын тодорхой хувийг төрөөс санхүүжүүлэх зэрэг асуудлыг судалж, дэмжлэг үзүүлэх

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас их, дээд сургуулийн үйл ажиллагаанд хяналт хийж их, дунд, бага эрсдлийн үнэлгээ өгдөг. Төрийн, төрийн бус гэж ялгалгүй бага эрсдэлтэй сургалтын байгууллагыг хэрхэн дэмжих, их эрсдэлтэйг хэрхэн үйл ажиллагааг сайжруулах эсвэл зогсоох зэрэгт тодорхой үр дүнг тооцдог механизм ажиллах, шударга өрсөлдөх боломжийг бүрдүүлэх

Тэргүүлэх чиглэлийн онцлох сургалтын байгууллага, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх

-Багшийн тасралтгүй хөгжлийг хангах, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо, нэгдсэн бодлого бараг алдагдаад байна. Дээд боловсролын багш нарыг системтэй хөгжүүлэхэд төрийн, хувийн гэж ялгалгүй хандах

-2017 оны байдлаар сургуулиудын бараг 80% нь түгээмэл, өртөг бага шаардсан мэргэжлээр сургалт эрхэлж байгаа ч улс орны эдийн засаг, бүтээн байгуулалтад эрэлттэй инженер, техникийн ажилтан бэлтгэж буй, өртөг шаардсан хөтөлбөрийн онцлогыг судлан энэ чиглэлийн хувийн сургуулиудад төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт тэгш хамрагдах боломжийг олгох, дэмжлэг үзүүлэх

 

 

Багш, ажилтны нийгмийн баталгааг хангах асуудалд:

-Боловсролын тухайн хуулинд өмчийн хэлбэрээр ялгаж боловсролын харилцаанд оролцогч багш, ажилтны нийгмийн баталгааг үгүйсгэсэн. Үүнийг дахин авч судлах, Хувийн сургуульд ажилласнаараа, түмний хүүхдийн төлөө зүтгэснээр ялгаварлагдаж байгаа мэт байгааг анхаарах

 

 Эргэцүүлэл:

Төр засгаас боловсролын чанар, багшийн хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулан олон арван бодлогын баримт бичиг боловсруулж, одоо ч хэрэгцээ, судалгаанд суурилсан үндэсний хөтөлбөрүүд боловсруулах, багшийн хөгжлийн хуулийг санаачлах зэргээр эрх зүйн орчныг сайжруулах ажлуудыг хийсээр байгааг бид сайшааж байна. Цаашид ч бид төрийн бодлогоо дэмжин, хууль дүрэм журамд нийцсэн чанартай боловсролын үйлчилгээг үзүүлэх нэг зорилгын төлөө  хүчин зүтгэнэ.

 

 

Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой.

 

АНХААРАЛ ХАНДУУЛСАН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА!

 

 

МОНГОЛЫН ХУВИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ХОЛБООНЫ

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.ГАНБАТ

 

 

 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search