• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Захирлын 2014 оны 01 сарын 08-ны

өдрийн 11 тоот  тушаалаар батлав

                                      

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН

 НОМЫН САНГИЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.            Номын сан нь  Монгол улсын хууль тогтоомжууд,  БСШУ-ны сайдын 2007 оны “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх” тухай 415 дугаар тушаал, Сангийн сайд, БСШУ-ны сайдын 2006 оны хамтарсан “Ном хэвлэлийг дахин үнэлэх тухай” 357/406  дугаар тушаал, эрх бүхий байгууллагаас гаргасан стандарт, нормативыг мөрдлөгө болгон ажиллана.

1.2.            Номын сан нь өөрийн байгууллагын эрхэм зорилгод нийцсэн үйл ажиллагаа  явуулж “Стандартад  нийцсэн орчин  үеийн  төхөөрөмж бүхий мэдээлэл, үйлчилгээний төв” болон хөгжих зорилт тавьж ажиллана.

1.3.            Номын сан нь багшлах бүрэлдэхүүн, суралцагч  нарт шинжлэх  ухаан технологийн чиглэлээр  мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин бүрдүүлсэн  мэдлэгийн  нөөц сан, сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц газар мөн.

1.4.            Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээгээ энэхүү дүрэм болон дотоод журмаараа зохицуулна.

Хоёр. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт

 

2.1.            Номын сан нь ТТДС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн алба эрхэлсэн захирлын харьяалалд үйл ажиллагаагаа явуулах ба ажлаа тайлагнан  шийдвэрлүүлж байна.

2.2.            Номын сангийн эрхлэгчийг захирлын тушаалаар томилно.

2.3.            Номын сангийн эрхлэгч  нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж холбогдох асуудлаар тушаал шийдвэр гаргуулах, номын сангийн  сан хөмрөг, үйлчилгээг стандартын  түвшинд байлгах хариуцлага хүлээнэ.

2.4.            Номын сангийн эрхлэгч нь номын сангийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж  авахад оролцоно.

2.5.            Номын сангийн ажиллах цагийн хуваарь, төлбөрт үйлчилгээний үнэ тарифийг эрхэлсэн захирал баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.

2.6.            Номын сан нь өөрийн дотоод удирдлагын үйл ажиллагааны бүхий л хүрээнд баримтлах хэм  хэмжээ бүхий албан ёсны дүрэм, дотоод журамтай байна.

2.7.            Номын сан нь албан ёсны баталгааны тэмдэгтэй байна.

2.8.            Номын сан нь  ном сурах бичиг, тогтмол  хэвлэлийн  захиалгын жагсаалтыг  холбогдох тэнхим нэгжүүдээс  гаргуулан тэнхимийн эрхлэгчээр хянуулан  хичээлийн жилийн эхэнд авч  холбогдох нэгж  албадтай тохиролцож номын сангийн төсвийг боловсруулан  улмаар батлагдсан ном  товхимол, сурах бичиг, тогтмол хэвлэлийн жагсаалтыг үндэслэн номын сангийн төсвийн дагуу номын фондыг байнга баяжуулж байна.

2.9              Номын сангийн барилга байгууламж нь  олон улсын стандарт ISO 17799:2003 “Архив, номын  сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага стандарт”-ын шаардлагыг  хангасан байна.

2.10          Номын сан нь номын фонд, уншлагын танхим, ойрын фонд,  ажлын өрөө гэсэн хэсгүүдтэй  байна.

2.11          Номын сангийн номын фондын бүрдүүлэлт  нь: багш, ажилтан, оюутан суралцагчийн эрэлт  хэрэгцээг хангахуйцаар сайтар шилж сонгосон, орчин үеийн техник технологи, шинжлэх ухааны хөгжилд нийцсэн,  танин мэдэхүйн болон уран зохиол, аудио, видео, медиа г.м  нийгэм соёлын хэвлэлээр бүрдүүлсэн норматив стандартыг хангасан байвал зохино.

2.12          Сургуулийн нийт оюутны тоо, номын сангийн фондын хэмжээ, сургалтын чиглэл, мэргэжил  ба  онцлог,  багш, оюутны судалгаа-шинжилгээний ажлын эрэлт хэрэгцээ зэргээс хамаарч номын сангийн бүтэц, номын санчийн орон тооны асуудлыг эрх бүхий байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

2.13          Номын сан нь уншигчдын  тав тухтай орчинг бүрдүүлж байгалийн  ба зохиомол гэрэлтүүлэг, дотоод орчны  дулаан, чийгшил зэрэг, номын сангийн байрны эрүүл ахуйн нөхцөлийг  хангасан байна.

2.14          Номын санчдын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх ажлыг сургуулийн захиргаа дэмжиж ажиллана.

Гурав. Номын сангийн эрх, үүрэг

 

3.1              Номын сан дор дурдсан эрх эдэлнэ.

 

3.1.1.      Номын сангийн бүтэц зохион байгуулалт, үйлчилгээ үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг боловсруулан захиргааны зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх.

3.1.2.      Номын сангаас алдаж үрэгдүүлсэн гэмтээсэн ном хэвлэл материалыг зохих журмын дагуу төлүүлэх.

3.1.3.      Номын сангийн холбогдолтой дүрэм журам боловсруулж батлуулах.

3.1.4.      Номын санд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга болон бусад эд зүйлсийг худалдан авах зэргээр хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулах.

3.1.5.      Номын сангийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, гал усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авахыг шаардах, хэвийн нөхцөлийг хангуулах.

3.1.6.      Номын санд мөрдөж буй хууль, дүрэм журмын дагуу он болон утга, агуулга, эдэлгээний улмаас хуучирсан ном хэвлэлийг акталж фондын эргэлтийг сайжруулах.

3.1.7.      Дотоодын болон гадаадын их дээд сургуулийн болон коллежийн номын сан, олон улсын байгууллагатай холбоо тогтоож хамтран ажиллах, төсөлд оролцох.

3.1.8.      Төлбөрт үйлчилгээнээс олсон орлогыг номын сангийн дотоод тохижилтонд,  бичиг хэрэгсэл, гэмтсэн ном, хэвлэлийг сэлбэж засахад, зарцуулах ба  зарцуулалтыг улирал, жилийн ажлын тайланд тайлагнана.

 

3.2              Номын сан дор дурдсан үүрэг хүлээнэ.

 

3.2.1.      Номын сан нь өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулна.

3.2.2.      Уншигч хэрэглэгчдэд ном хэвлэл, мэдээлэл ашиглах арга хэлбэр эзэмшүүлэх номзүйн мэдлэгтэй болгон ном хэвлэлээр шуурхай үйлчилнэ.

3.2.3.      Номын сан хөмрөгийн тооллогыг зохих журмын дагуу заасан хугацаанд явуулж, үр дүнг тайлагнана.

3.2.4.      Шинэ ба сэдэвчилсэн номын үзэсгэлэн тогтмол гаргаж, үйлчилгээний дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлнэ.

3.2.5.      Ном, мэдээллийн хангамжийн судалгаа явуулж, статистикийн мэдээг хөтөлж дүн шинжилгээ хийн шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлнэ.

3.2.6.      Номын сан, ном зүйн  мэдээллийг автоматжуулан, үйл ажиллагаандаа орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, электрон мэдээллийн санг бий болгоно.

3.2.7.      Фонд бүрдүүлэлт, каталогийг зөв зохион байгуулж, уншигчдын эрэлт хэрэгцээг түргэн шуурхай хангаж үйлчилнэ.

3.2.8.      Ном хэвлэлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг холбогдох стандартын дагуу хангаж ажиллана.

3.2.9.      Номын сангийн бүтэц зохион байгуулалт, үйлчилгээ үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг боловсруулан захиргааны зөвлөлд тавьж шийдвэрлүүлнэ.

3.2.10.  Номын сангаас алдаж үрэгдүүлсэн гэмтээсэн ном хэвлэл материалыг зохих журмын дагуу төлүүлэх.

3.2.11.  Номын сангийн холбогдолтой дүрэм журам боловсруулж батлуулах.

 

Дөрөв. Номын сангийн уншигчийн эрх, үүрэг

 

4.1              Номын сангийн уншигч нь дор дурдсан эрхтэй.

 

4.1.1.      Тохитой орчинд цагийн хуваарийн дагуу түргэн шуурхай үйлчлүүлэх.

4.1.2.      Электрон болон цаасан каталогоос хайлт хийсний үндсэн дээр өөрийн сонирхсон    ном, хэвлэлийг авч хэрэглэх.

4.1.3.      Номын сангийн фондоос ном, хэвлэлийн  бүтээгдэхүүн, мэдээллийг тодорхой хугацаагаар авч ашиглах.

4.1.4.      Утасгүй  интернэт, зөөврийн компьютер, аудио, видео материал ашиглах.

4.1.5.      Номын сангийн үйл ажиллагааны талаар өөрийн санал хүсэлтээ илэрхийлэх

 

 

4.2              Номын сангийн уншигч нь дор дурдсан үүрэгтэй.

 

4.2.1.      Номын санд уншигчаар бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, оюутны үйлчилгээний карт, 1 хувь зураг авчирч уншигчийн карт нээлгэнэ.

4.2.2.      Уншигч номын сангийн дотоод дүрэм журмыг дагаж мөрдөх

4.2.3.      Номын сангаас авсан номоо цаг тухайд нь эргүүлж тушаах.

4.2.4.      Уншигч нь өөрийн хэрэгцээтэй ном, сурах бичиг, материалыг захиалахдаа электрон ба цаасан каталогоос хайлт хийх.

4.2.5.      Бусдад саад болохгүйгээр  үйлчлүүлэх.

4.2.6.      Уншигч нь номын сангаас авсан ном, сурах бичиг хэвлэлийн бүтээгдэхүүний   бүрэн бүтэн байдлыг хариуцах.

4.2.7.      Уншигч нь ном, хэвлэлийн хуудсан дээр тэмдэглэх, нугалах, урж таслах, зураг зурахгүй байх.

4.2.8.      Уншигч  нь ном үрэгдүүлж гээгдүүлсэн тохиолдолд “Алдагдсан буюу гэмтээгдсэн  ном, хэвлэлийг төлүүлэх зохих журам“-ын дагуу  номын санг хохиролгүй болгох.

4.2.9.      Номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлэх.

4.2.10.  Сургууль төгсөх болон сургуулиас гарах, улирлын  шалгалт дуусахад номын сантай тойрох хуудсаар тооцоо хийж дуусгах.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Захирлын 2014 оны 01 сарын 08-ны

өдрийн 11 тоот  тушаалаар батлав.                                           

 

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДОТООД  ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг  үндэслэл

 

1.1.            Тус сургуулийн багш ажилтан оюутан сурагчдын номын сангаас ном  хэвлэл, мэдээллийг авч ашиглахтай холбогдсон  харилцааг  зохицуулахад энэхүү журмыг баримтална.

1.2.            Номын сангийн  дотоод  журам нь тус сургуулийн номын сангийн дүрэм болон холбогдох журамд нийцэж байна.

1.3.            Дотоод журмын хэрэгжилтийг номын сангийн эрхлэгч хариуцах  бөгөөд эрхэлсэн  захиралд тайлагнан шийдвэрлэж байна.

1.4.            Журмын зорилго нь ТТДС-ийн номын сангийн үйлчилгээний үйл ажиллагааг зохицуулж, сайжруулахад оршино.

1.5.            Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээгээ энэхүү дүрэм болон дотоод журмаараа зохицуулна.

Хоёр. Номын сангийн үйлчилгээ

 

2.1.            ТТДС-ийн номын сан нь тус сургуулийн эрдэмтэн багш, оюутан сурагч, ажилтан нарт үйлчилнэ.

2.2.            Уншигчид өөрт шаардлагатай ном, хэвлэлээ  цаасан каталогоос  болон электрон  каталогийн // lib.iet.mn // хаягаар орж хайна.

2.3.            Номын сангийн ажилтан электрон  каталоги ашиглах заавар, уншигчдад лавлагаа мэдээлэл өгч үйлчилнэ.

2.4.            Уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ номын сангийн дүрэм, дотоод журмыг баримталж номын санчийн  тавьсан шаардлагыг биелүүлж үйлчлүүлнэ.

2.5.            Чөлөөт сонголттой уншлагын танхимаар авч ашиглаж байгаа ном, сурах бичиг, бусад материалыг номын санчийн зөвшөөрөлгүйгээр номын сангаас гадагш авч гарахыг хориглоно.

2.6.            Уншлагын танхимд гадуур хувцастай орох, бусдад саад болох, өөр хоорондоо ярих, тоглох, идэж уух зүйл авч орох, бохирдуулахыг хатуу хориглоно.

2.7.            Багш, суралцагчид  номын сангаар  үйлчлүүлэхийн тулд уншигчийн карт нээлгэнэ.

2.8.            Уншигч нь уншлагын танхимаар  1 удаад 1-3 номыг  2 хоног, уран зохиолын номыг 7 хоног хүртэл хугацаагаар авч болох ба авсан номын тооцоог бүрэн дуусгаж дараагийн номыг авна. Уншихаар авсан номыг ашиглах хугацааг дахин 1 удаа номын санчид тэмдэглүүлэн сунгуулж болно.

2.9.            Тухайн авсан номоо хугацаанд нь эргүүлж өгөөгүй  тохиолдолд   ном тус бүрд тогтоогдсон тарифын дагуу төлбөр ноогдуулж уншигчаар төлүүлнэ.

2.10.         Номын сангийн дүрэм, дотоод журмыг зөрчсөн тохиолдолд уншигчийн  үйлчлүүлэх эрхийг 3-6  хүртэлх хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авна.

2.11.        Фондод байгаа ном сурах бичиг нь 1-ээс доош хувьтай байвал гэрээр олгохгүй бөгөөд уншигч нь  уншлагын заалаар үйлчлүүлж ашиглана.

2.12.        Чөлөөт сонголттой уншлагын танхим нь  орос болон  англи хэл дээрх ном хэвлэл, цахим  e-ном, тогтмол хэвлэл, сэтгүүлийг чөлөөт сонголтоор үйлчилгээ үзүүлэх ба гэрээр олгохгүй.

2.13.        Уншигч танхимаар үйлчлүүлэхдээ өөрийн цүнх болон бусад эд зүйлсээ тусгай шүүгээнд хийж  зөвхөн, бичиж тэмдэглэх дэвтэр авч орно.

2.14.        Цахим е-номыг хуулбарлаж олшруулахыг хориглоно.

Гурав. Номын сангийн ном хэвлэлийг нөхөн төлүүлэх

 

3.1.            Номын сан нь ном хэвлэлийг нөхөн төлүүлэхдээ БСШУ-ны сайдын 2007 оны   415 дугаар тушаал  “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам” –ыг мөрдөнө.

3.2.            Номын фондын ном, хэвлэл, хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд ном хэвлэлийг нөхөн төлүүлж номын санг хохиролгүй болгоно.

3.3.            Ном алдаж үрэгдүүлсэн тохиолдолд уг номын ижил хувийг номыг  номоор төлүүлэх хэвлэгдсэн он, зохиогч нь тохирсон буюу дараагийн онуудад хэвлэгдсэн номуудыг авч төлүүлнэ.

3.4.            Номын ижил хувь олдоогүй буюу   хэрэглэгчийн авчирсан ном зохих шаардлагыг хангаагүй тохиолдолд номын сангийн фонд бүрдүүлэлтэнд шаардлагатай төлбөрт авах номын жагсаалтыг үндэслэн нэг номыг 2 ширхэг номоор нөхөн төлж болно.

3.5.            Номын төлбөрт хуулбарласан ном, хэвлэл, бичлэгийн стандарт хангаагүй CD, хэвлэмэл материалыг авахгүй.

3.6.            Уншигч үрэгдүүлсэн ном, материалынхаа  төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах тохиолдолд үнийн дүнг 3  нугалж төлүүлнэ/ ном үрэгдүүлсэн уншигч  сургуулийн захиргаа, санхүүд өргөдөл бичиж  төлбөрийн мөнгийг санхүүд тушаана/

3.7.            Уншигчийн үрэгдүүлсэн ном, материалд зах зээлийн үнэлгээ тогтоогүй тохиолдолд дахин үнэлэх комиссын шийдвэрээр үнэлгээ тогтоож хохирлыг уг шийдвэрийн дагуу гүйцэтгэнэ.   

 

 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search