• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

 

Төсөл

 

Улсын Их Хурлын 2015 оны ...дугаар тогтоолын хавсралт

 

ТӨРӨӨС ИННОВАЦИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого нь Монгол улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын салшгүй хэсэг бөгөөд, түүний эрх зүйн үндэс нь шинжлэх ухаан, технологи, инноваци, оюуны өмчийн талаархи Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, Монгол улсын холбогдох хууль, эрх зүйн бусад актаас бүрдэнэ.
  • Энэхүү бодлого нь Монгол улсад үндэсний инновацийн, чадавхийг бий болгох, шинжлэх ухаан, технологийн хөгжлийг хурдасгах, мэдлэгт суурилсан эдийн засгийн тогтолцоонд шилжихэд чиглэгдэнэ.  
  • Энэхүү бодлогоор Монгол улсад инновацийн соёл, орчинг төлөвшүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, оюуны өмчийг баялаг болгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, экспортын баримжаатай, технологийн багтаамжтай, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим, үндсэн болон тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнг тодорхойлно.
  • Инновацийн үйл ажиллагааны эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, дэд бүтэц, санхүүжилтийн механизм, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү бодлогын баримт бичгийг үндэслэл болгоно.

 

ХОЁР. БОДЛОГЫН ЗОРИЛГО

  • Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогын зорилго нь инновацийг Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх, мэдлэгийн эдийн засгийг төлөвшүүлэх, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нэг үндсэн хүчин зүйл болгон хөгжүүлэхэд оршино.

 

ГУРАВ. БОДЛОГЫН ЗАРЧИМ

Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтлана:

  • инновацийн үйл ажиллагаа нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдасгуур болохыг нийтээр хүлээн зөвшөөрөх,
  • инновацийн үйл ажиллагааг төрийн бодлогоор тасралтгүй, тогтвортой дэмжих,
  • инновацийн үйл ажиллагаанд өмчийн хэлбэрээс үл хамааран талуудын тэгш оролцооны зарчмыг хангах,
  • төр-шинжлэх ухаан-бизнесийн интеграцийг (хамтрал) хөгжүүлэхэд чиглэсэн байх,
  • инновацийн үйл ажиллагаа нь эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх инновацийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдсан байх,
  • Байгальд ээлтэй, өндөр үр ашиг бүхий инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тэргүүн ээлжинд дэмжих,
  • Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай байх,
  • Инновацийн үйл ажиллагаа нь олон улс, бүс нутгийн хэмжээний харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурласан байх.
  • Инноваторуудын бүтээлч эрх чөлөөг хангасан байх.

 

ДӨРӨВ. БОДЛОГЫН ЗОРИЛТ

Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогын зорилт:

  • үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх удирдлага зохион байгуулалт, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох,
  • инновацийн мэргэшсэн хүний нөөцийг хөгжүүлэх,
  • инновацийн дэд бүтэц хөгжүүлэх,
  • төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурласан санхүүжилтийн тогтвортой орчин, механизмыг бүрдүүлэх,
  • инновацийн тэргүүлэх чиглэлийг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх,
  • Инновацийн үйл ажиллагаан дахь оюуны өмчийн харилцааг үр ашигтай болгох,
  • Инновацийн соёлыг төлөвшүүлж, түгээн дэлгэрүүлэх.
  • Олон улсын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх;
  • Үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, олон улсад инновацийн бүтээгдэхүүнийг гаргах

 

ТАВ. БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Удирдлага зохион байгуулалт, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр:

  • Инновацийн тогтолцоог бэхжүүлэх хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдийг эдийн засаг, нийгмийн болон технологийн хөгжлийн түвшин, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлнэ.
  • Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх бодлогыг тодорхойлох, стратегийн шийдвэр гаргах үүрэг бүхий Үндэсний инновацийн зөвлөл байгуулна.
  • Инновацийн бизнес, үйл ажиллагааг дагнан хэрэгжүүлэх бие даасан, эрх үүрэг бүхий хуулийн этгээд байгуулна.
  • Экспортын баримжаа бүхий инновацийн бүтээгдэхүүн бий болгох үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Инновацийн сан байгуулна.
  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрхийн хамгаалалт, баталгаажуулалт, үнэлэмжийг сайжруулах, технологи дамжуулах эрх зүйн орчин, механизмыг боловсронгуй болгоно.
  • Инновацийн бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтад олон улсын стандарт нэвтрүүлнэ.
  • Хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр:
    • Инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
    • Их сургуулиудын сургалтын хөтөлбөрт инновацийн элементүүдийн талаар тусган, бүтээлч сэтгэхүйтэй, энтрепренершип боловсролтой, өрсөлдөх чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэнэ.
    • Инновацийн боловсрол олгох анхан, дунд, ахисан шатны сургалтын хөтөлбөрүүдэд хамруулж инновацийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэнэ.
    • Аж үйлдвэр, инновацийн тэргүүлэх чиглэлээр мэргэшсэн инженер, техникийн мэргэжилтнүүдийг тасралтгүй бэлтгэх тогтолцоо бий болгож, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ.
    • Гадаадад ажиллаж, амьдарч буй шилэгдмэл хүний нөөцийг Монголд эргүүлэн авчрах, тэдний мэдлэг туршлагыг баялаг бүтээхэд ашиглах.
  • Инновацийн дэд бүтэц бий болгох чиглэлээр:
    • Технологийн инкубатор, туршилтын үйлдвэр, технологи дамжуулах төв, лицензийн оффис, бизнес-инкубатор, хурдасгуур компани, шинжлэх ухааны парк байгуулна.
    • Инновацийн тэргүүлэх чиглэлд хамаарах дэд бүтцийг байгуулахад шаардагдах зардлыг төр хариуцна.
    • Төсвийн болон төсвийн бус эх үүсвэртэй санхүүгийн байгууллага, венчур сан байгуулахыг төрөөс дэмжинэ.
    • Шинжлэх ухаан, технологи, инновацийн мэдээллийн үндэсний болон бүс нутгийн сүлжээ үүсгэх замаар оюуны өмчийн мэдээлэл, түүнийг ашиглах нэгдсэн тогтолцоо, дэд бүтцийг бий болгоно.
    • Инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд арилжаалах (commercialization) үндэсний төв байгуулна.
    • Орон нутагт инновацийн дэд бүтцийг хөгжүүлэхэд улсын болон орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлнэ.
  • Инновацийн үйл ажиллагааны санхүүжилт бүрдүүлэх чиглэлээр:
    • Инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувийг зарцуулна.
    • Инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийн механизмд шинэчлэл хийж, олон хэлбэр бүхий санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоно.
    • Салбарын инновацийг хөгжүүлэх зардлыг тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад тусган санхүүжүүлнэ.
    • Гэрээт ажил, үйлчилгээ, инновацийн үйл ажиллагаанаас олсон орлогоо захиран зарцуулах эрхийг төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагад олгоно.
    • Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан инновацийн дэд бүтэц байгуулах, төсөл хэрэгжүүлэхэд урт хугацааны хөрөнгө оруулах эрх зүйн орчныг сайжруулна.
    • Инновацийн төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүгийн тодорхой хэсгийг эргэн төлөх, барьцаа батлан даалтын хөнгөлөлттэй нөхцлийг бий болгоно.
    • Худалдан авалтын тодорхой хэсгээр судалгаа боловсруулалтын ажлаа сайжруулах нөхцөлтэйгээр Инновацийн төслийн үр дүнд бий болсон дотоодын бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих, түүнчлэн офсетийн механизмыг ашиглах тогтолцоог бүрдүүлнэ.
    • Оюуны багтаамж  ихтэй,  технологи шингэсэн үйлдвэрлэлд  хөрөнгө  оруулсан, дэвшилтэт технологи нутагшуулсан аж ахуйн нэгжийг татвар, зээлийн бодлогоор тусгайлан дэмжинэ.
    • Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого болон түүнийг даган гарах хөтөлбөрүүдийг дараах эс үүсвэрээс санхүүжүүлнэ.
    • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
    • Хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах
    • Улсын болон орон нутгийн төсөв
    • Монгол Улсын Хөгжлийн банкны хөрөнгө
    • Засгийн газрын тусгай сангийн хөрөнгө
    • Инновацийн сангийн хөрөнгө
    • Олон улсын санхүүгийн байгууллагын хамтын ажиллагаа
    •  Зээл
    • Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр

 

ЗУРГАА. ИННОВАЦИЙН СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  • Шинжлэх ухаан, технологийн ололтыг эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, өндөр технологийн болон өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, өндөр үр ашигтай үйлчилгээний төрөл, хэлбэрийг бий болгоход чиглүүлэх, инновацийн чадавхи, нөөцийг оновчтой байршуулах, төрийн дэмжлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор инновацийн стратегийн тэргүүлэх чиглэлийг тогтоож байна.
  • Монгол улсад дараах инновацийн стратегийн тэргүүлэх чиглэлүүдэд хөрөнгө хүчийг төвлөрүүлнэ....
  • Эрдэс түүхий эдэд суурилсан дэвшилтэт технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Хөдөө аж ахуйн гаралтай дэвшилтэт технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Биологийн гаралтай түүхий эдэд суурилсан өндөр технологийн эко бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Материалын химийн үйлдвэрлэл
  • Инновацийн стратегийн тэргүүлэх чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж буй үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын судалгаа, боловсруулалт, технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг төрөөс санхүү, хөрөнгө, зээлийн бодлогоор дэмжинэ.
  • Инновацийн стратегийн тэргүүлэх чиглэлийг технологийн тандалт, замын зураг, түвшний үнэлгээ, судалгаа шинжилгээнд үндэслэн Засгийн газар боловсруулан хэрэгжүүлнэ.

 

ДОЛОО. БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ

 

    • Энэхүү бодлогыг хоёр үе шаттайгаар 2016-2025 онуудад хэрэгжүүлнэ.
    • Нэгдүгээр үе шатанд судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнест нэвтрүүлэх, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.
    • Хоёрдугаар үе шатанд эдийн засгийн салбаруудын өрсөлдөх чадварыг сайжруулж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавина.

 

НАЙМ. БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ХҮРЭХ ҮР ДҮН

    • Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг өрсөлдөх чадварын ерөнхий үзүүлэлтээр Монгол улсыг шилдэг 70 орны нэг болгоно.
    • Аж үйлдвэрийн болон экспортын бүтээгдэхүүний технологийн агууламж, нэмүү өртөг шингээлт дээшлүүлж, Инноваци, өндөр технологийн бүтээгдэхүүний экспортод эзлэх хэмжээг 20 хувьд хүргэнэ.
    • Инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьд хүргэнэ.
    • Инновацийн салбарын мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоог төлөвшүүлж, өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт ажиллагсадын тоог 3000-д хүргэнэ.
    • Инновацийн дэд бүтэц байгуулагдаж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх дотоодын брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болсон байна.

 

ЕС. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ

    • Бодлогын хэрэгжилтийг инновацийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулна.
    • Бодлогыг хэрэгжүүлэх үе шат бүрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

 

 

--- oOo ---

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search